Blurred Lines – Баримтат гэрэл зургийн үзэсгэлэн

Баримтат гэрэл зурагчин Агнууш буюу Соёмбын “Blurred Lines” нэртэй гурав дахь бие даасан үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн куратороор А.Дуламжав ажилласан ба тэд гэрэл зургийн үзэсгэлэнг орон сууцанд зохион байгуулснаар уламжлалт хэв маягийг “эвдэхийг” хүссэнээ дурдаж байлаа. Хэдийгээр цар тахлын үед зохион байгуулагдаж буй ч үзэгчид болон үзэсгэлэнгийн үйл явдал маш эмх цэгцтэй, тайван өрнөж байв. Мөн гэрэл зургуудыг тун өвөрмөц шийдлээр байршуулсан нь үзэгчдийн сэтгэлд  ойр хүрч байсныг нуух юун.

Blurred Lines нь өмнө МУБИС-ийн нүхэн гарц болон “Vice” онлайн сэтгүүл гээд хэд хэдэн удаа олны хүртээл болж байсан ч энэ удаа уран бүтээлч өөрийн гэртээ зохион байгуулсан нь анхаарал татсан юм. Уг үзэсгэлэнг зохион байгуулсан орон зай бүхэлдээ нийгмийн дунд үргэлж хаалттай байсаар ирсэн сэдвийг даруухан бас нээлттэй илэрхийлэхийн сацуу уран бүтээлчийн маш тод “дуу авиа”-г үзэгчдэд хүргэж байлаа. Түүнчлэн, хар тамхийг муу эсвэл сайн гэж харуулахын оронд ердөө л бодит үнэнийг дэлгэн тавьснаараа тус үзэсгэлэн “амттай” байсныг онцолъё.

Олон нийтийн сүлжээнээс гоё ганган “шошго”-той, хийсвэр амьдралыг харж, тийм хийсвэрлэлийг мөрөөдөж, баяссаар ирсэн бидний нүдийг энэхүү үзэсгэлэн “нээж”, огтхон ч хачиргүй үнэнтэй нүүр тулах боломж олгох зорилготой байсан биз ээ. Баримтат гэрэл зурагчин Агнуушийн энэхүү үзэсгэлэн анхных нь биш юм. Бас сүүлийнх нь ч биш гэдэгт эргэлзэхгүй байна… Яг өнөөдрийн нийгмийн нийтлэг дүр төрх шиг харах өнцгөө хайрцагласан хүмүүсийн хажууд, хаалганы цаана зэрэгцэн орших бүдэг ертөнцийг ямар ч оо энгэсэггүйгээр ил хүргэсэн баримтат гэрэл зурагчин Агнуушд баяр хүргэе.

Бичвэр: Doki
Гэрэл зургийг: О.Мягмардорж