Гэрэл зургаа хэвлүүлмээр байна

Гэрэл зураг уул нь нүдэнд үзэгдэж гарт баригддаг биет хэлбэртэй урлаг/мэргэжил. Энэ нийтлэлдээ өмнө ямар байсан одоо ийм байна гэхээсээ илүү одоогоор бид ямар байдалтай байгаагаа нэг дүгнэж үзмээр санагдлаа. Ахмад зурагчид бол нэг бодлын азтай байжээ авсан хальсандаа өөрөө бүх боловсруулалт, хадгалалт, хэвлэлтээ хийдэг байсан бол технологийн дэвшил бид хэдийг гацаачих шиг боллоо.

Манайд гэрэл зураг хөгжиж байна! Сайн зураг мянга мянгаараа олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Гэвч бидэнд гэрэл зурагт зориулагдсан мэргэжлийн хэвлэлийн газар, мэргэшсэн хүмүүс үнэндээ алга. 35мм хальс боловсруулдаг бараг ганц газар байх жишээний. Гэрэл зурагчин тэр олон сая төгрөгөөр авсан тоног төхөөрөмж, компьютер, дэлгэцнийхээ үр дүнг зөвхөн хэвлэсэн зургаасаа л харна. Бусдаар бол хэн ч яг төсөөлсөн өнгөөр харж чадахгүй. Ижил дэлгэцтэй хүн магад гэхдээ хэвлээд гаргаад ирсэн жаазтай зураг цаанаа л нэг даацтай. Цахимаар хадгалж байгаа зургаа хэрэв 3 газар тусад нь хадгалаагүй бол тэр зургаа байхгүйд тооц гэдэг шүү дээ. Бид ямар их дурсамж, сайн ажлуудаа алдаж байгаа бол. Мэдээж энэ бол сонголтын асуудал хэсэг хүмүүст бол одоо байгаа хэвлэлүүд таалагдаж байгаа байх. Тэгэхээр би ингэж шийдлээ гэрэл зургийг Улаанбаатарт хэвлэж болох бүхий л гайгүй газрыг туршаад нийтлэл гаргая.

Гэрэл зургаа хэвлүүлж болдог зарим аргуудаас хүргэе:

Гэртээ хэвлэх
Бараг бүх том брэндүүд гэр, албаны олон үйлдэлт хэвлэгчийн сонголтууд гаргаснаар уг хэрэгцээг бүрэн хангасан. Нэг стандартын хэвлэгч өөрийн тусгай цаасны хамт маш хямд үнэтэй хүртээмжтэй байгаа тул энгийн хэрэглээний зургийг сайн хэвлэхэд асуудалгүй.

Уламжлалт
Нэршлийн хувьд бол буруу гэхдээ манай нөхцөлд бол илүү ойлгогдоно. Та санаж байна уу дөнгөж камерууд цахим болж хальс угаалгадаг хэвээр байх үед Fujifilm, Konica гэдэг олон үйлдэлт хувилагч машинтай газрууд байдаг байж билээ. Хэвлэлийн чанар гойд сайн бол биш гэхдээ альбомд хадгалахад зохьсон чанартай материалтай байдаг. Одоо бол цөөрөөд Konica Minolta, Photoman гэх цөөн газрууд үлдсэн байна.

Digital Printing
Цахим хэвлэл бол одоогийн зах зээлийн тэргүүлэгч бараг эзэгнэж байна гэж хэлж болно. Манайд ч мөн адил ширхгээр гарч байгаа бараг бүх хэвлэлүүд цахимаар гардаг. Inkjet хэвлэгч офсет хэвлэлтэй адил дөрвөн өнгийн CMYK будгаа (хэсэг тохиолдолд илүү өнгө байж болно) зэрэг цаасан дээрээ шүршиж хэвлэдэг. Хэвлэгдэж гарсан зургийг giclée (nozzle/цорго) гэж нэрлэдэг. Хэрэв төгс арт цаас, будаг нь байгаад хэвлэж байгаа хүний мэдлэг нь гэрэл зурагт байвал үзэсгэлэн, сурталчилгаа, гоёл чимэглэлийн хэмжээний үр дүн гарах нь тодорхой. Манайд бол яг төрөлжсөн байхгүй ч өгсөн бүх төрлийн захиалгыг хэвлэдэг газар бол олон.

Офсет хэвлэл
Офсет бол таны зургийн үйлдвэрийн төвшинд хамгийн сайн үр дүнтэй хэвлэх арга. Офсет хэвлэл нь таны зургийг боловсруулаад CMYK 4 өнгөд хуваагаад өнгө тус бүрийг хөнгөн цагаан хавтан болгоно. Уг хавтангууд хэвлэгч дотор дарааллаараа байрлаж тамгалах маягаар өнгүүд дээр дээрээсээ хэвлэгдэнэ.

Миний ихэнх зураг офсетоор хэвлэгдэж гардаг ч яг яаж гарах бол, өнгө нь таараасай, цаас нь сайн байгаасай гэх мэт захиалагчийн төсвөөс хамаарч үр дүнгийн чанар хэлбэлздэг. Цул өнгө гаргах, олон төрлийн гадаргуу дээр олон хувиар хэвлэгдэх чадварууд нь үнэхээр харьцуулшгүй.

Манайд хэвлэлийн үйлдвэрүүд зургийг гоё гаргая гэсэн хүсэл тэмүүлэлгүй зүгээр л нэг ээлжит ном мэтээр хүлээн авч байна. Зургаа хэрхэн бэлдэн гаргаж 100% ийн үр дүнд хүрэх талаар зурагчдад болон үйлчлүүлэгчид зааж зөвлөхгүй, судлахгүй байна. Зураг ихтэй хэвлэгддэг сэтгүүлүүдэд зориулсан цааснууд үнэтэй байгаа тул энэ гоё хэвлэлийн бүрэн чадвар гэрэл зурагчдаас бага зэрэг хол байгаа.

Darkroom Printing
Миний хамгийн дуртай хайрлан хамгаалж явахыг хүсдэг арга барил. Гэрэл зураг эндээс л эхэлсэн. Харанхуй өрөөнд хальсаа боловсруулж цаасан дээр шарсан зураг цаанаа л нэг амьтай харагддаг. Манайд бол ахмад зурагчидийн урлан эсвэл хальсаар дагнасан зурагчид хар цагаан дээр бол ажиллаж байгаа. Өнгөт хальс дээр ажиллах болон тогтсон үйлчилгээ байдгийг сайн мэдэхгүй байгаа тул энэ талаар судалж тусдаа нийтлэл бэлдье.

Өнгө дамжуулах
Dye-Sublimation хэвлэл нь 3 өнгийн CMY хальсыг дээр дээрээс нь цаасан дээр халааж хайлуулан тогтоодог байна. Үр дүнгийн хувьд бол уламжлалт хальсны өнгөтэй. Ихэвчлэн үзэсгэлэн болон баримтат зурагт хорхойтой хүмүүс хэрэглэдэг.

Фото лаб
Photo lab, Print shop, Photographic trade printing гэж нэрлэдэг манайд хэрэгтэй байгаа мэргэжлийн газар. Иймэрхүү мэргэжлийн газрууд архивын материал, үзэсгэлэн, музей, уран бүтээлчдээс шаардах өндөр нарийвчлалтай бүх зургийг хэвлэнэ. Хэвлэх машины хувьд янз янз байдаг юм байна лээ. Хэнд ч байхгүй хамгийн үнэтэй машин гэхээсээ илүү түгээмэл бүх хэвлэлийн тоног төхөөрөмжөө бүрэн судалсан олон жилийн хэвлэлийн туршлагатай хүмүүс ажиллуулдаг.

Ингээд гэрэл зурагчин өөрийн бүтээлээ хэрхэн олон янзаар хэвлэх талаар товч дурдаад бичлээ. Бид зургаа гоё хэвлэж үнэ цэнэтэй, үлдэцтэй байлгаснаар манай мэргэжилд хэрэгтэй болов уу. Та бүхэн өөрийн мэддэг сайн хэвлэдэг газруудаа бидэнд зөвлөөрэй.